Хилийн аялал
Нөмрөгийн дархан цаазат газар
Халх Нөмрөгийн сав газар нь Дорнод аймгийн Халх гол сумын нутагт оршдог бөгөөд Халх Нөмрөгийн гол, бусад олон жижиг гол горхины татам, бургасан шугуйт голын хөндий, ой бүхий бэсрэг уулс, уулсын хөндийн нуга, намгархаг хийгээд элсэн манхан бүхий дов толгод нугачаануудтай байгалийн гайхамшигт тогтоц бүхий нутаг билээ. Энэхүү Монголын зүүн хязгаарын үзэсгэлэнт нутаг болох Хянганы экосистем, Манжуурын гаралтай ан амьтан, дэлхийд ховордсон биологийн төрөл зүйл, хэний ч гар хүрээгүй онгон зэлүүд байгалийг хамгаалах зорилготойгоор 1992 онд Нөмрөгийн дархан цаазат гэзэр нэртэйгээр улсын тусгай хамгаалалтанд авсан. Тус бүс нутагт Хянганы нурууны ойт хээрээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг онгон төрхөөр нь үзэж танилцах боломжтой цорын ганц нутаг юм.
|
Ялалтын музей
Халх гол сумын төвд Ялалтын музей байдаг бөгөөд 1984 онд байгуулагджээ. 1 дүгээр давхарт нь Халх голын түүхийн танхим, 100 хүний багтаамжтай кино танхим, 2 дугаар давхарт нь дайны үеийн байдлыг харуулсан фото болон зэр зэвсэг гэх мэт 1000 гаруй үзмэр бүхий танхим, 3 дугаар давхарт нь дайны баатруудад зориулсан хүндэтгэлтийн танхим байдаг. Энд ирсэн зочид хүндэтгэл үзүүлж 1 минут дуугүй зогсдог байна. |
Ханан хөшөө
Баян цагааны нуруун дахь Яковлевын хөшөөний дэргэд Монгол гэрийн ханын шийрийг дүрслэн барьсан энэ хөшөө байгаа газраас дотогш 1939 онд Японы түрэмгийлэгчдийг эх орон ругаа алхуулалгүй бут цохисон түүхтэй. Энэ хөшөөг Халхын голын байлдааны 30жилийн ойгоор 1969 оны 8-р сард босгож 30-ын тоог ромбо тоогоор дүрсэлжээ. |
Ерөн баатрын хөшөө
Баянцагааны нуруунд байрладаг Ерэн баатарын хөшөөг манай эх орны эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж алтан амиа алдсан Зөвлөлтийн дайчдын мөнхийн дурсгалд зориулж босгожээ. Энэхүү хөшөөг амь үрэгдсэн Зөвлөлтийн эрэлхэг дайчдын яруу алдарт дурсгалыг мөнхжүүлж БНМАУ-ын Засгийн газрын шйидвэрээр Халхын голын түүхэн ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгосон юм" гэж бичсэн байдаг. |
М.П.Яковлевийн хөшөө
Баянцагааны нуруун дахь ЗХУ-ын баатар М.П.Яковлевын танкын хөшөө сүндэрлэж байна. Түүхнээ Баянцагааны тулалдаан хэмээн алдаршсан 1939 оны 7-р сарын 2-7 болсон тулалдаанд түүний командласан танкийн 11-р бригад алдар гавьяагаа дуурсгасан ялалтуудыг удаа дараа байгуулсан юм. 1939 оны 7-р сарын 12-нд Халхголын гарамд тулж ирсэн их буу, меномет, пулеметоор зэвсэглэсэн Японы цэргийн довтолгоог бут цохиж танкийн бригад явган цэргийг биечлэн удирдаж шинээр тулаанд орсон тэр мөчид М.П.Яковлев танкнаасаа гранат барьж гарч ирэн явган цэргийг удирдаж дайсны өөдөөс давшилтанд орж баатарлагаар амь үрэгджээ. Бригад командлан захирагч М.П.Яковлевт ЗХУ-ын баатар цол олгож, танкийн 11-р бригадыг түүний нэрээр нэрлэжээ.М.П.Яковлевын тулалдаанд орж амь үрэгдсэн газар БТ-7 танкаар сүрлэг хөшөө босгож хашаанаас 10 метрийн зайнд алдрын хос багана боссон нь Монгол Оросын найрамдал танкийн 11-р бригадын эрэлхэг 72 дайчдын мөнхийн дурсгал болгон хан тэнгэрт гялалзаж байна.
|
Ялалтын хөшөө
Энэ сүрлэг хөшөөг 1939онд хамгийн ширүүн тулалдаан болсон хамар даваанд халхын голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгосон юм. Энэ хөшөөний өндөр нь 50метр өндөр гол баганын нүүрэн талд нь мөр зэрэгцэн зогссон Монгол Зөвлөлтийн хоёр цэрэг нөгөө талд нь үндэсний хувцастэй Монгол эмэгтэй дүрсийг урласан нь Монгол-Зөвлөлтийн найрамдал эх орон эхийн бэлэгдэл юм. Хөшөөний гол баганын 2талд байрлуулсан зэс цутгамал тугнууд дээр байлдаанд оролцсон морин болон явган цэрэг, танкчид, нисгэгчдийн дүр тэр үеийн байлдааны зэвсэг техникийг товойлгон дүрсэлсэн нь энд болсон тулалдааны ялалтын яруу алдрыг тод илэрхийлжээ. Энэ хөшөөг 54м өндөр, 33м өргөн дан аранжин зэсээр барьж байгуулжээ. Ази тивийн гэрэлт хөшөөн дотроо хамгийн өндөрт ордог. Цаг агаарын байдлаас болоод өнгө нь өөрчлөгдөж байдаг.
|
Их бурхант цогцолбор
Дорнод Монголын түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг, Сүмбэр сумын нутагт орших “Их бурхант" чулуун бурханы цогцолбор дурсгалыг Халхын Сэцэн хан аймгийн жүн ван Бат-Очирын Тогтохтөрийн (To ван 1797-1868) санаачлага удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн дурсгал “Их шүтээн”, “Их бурхант” хэмээн олноо алдаршжээ. Уг бурханы гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Бурханыг Монгол Улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын билгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө Түвд, Энэтхэг, Хятад руу урсч байгааг ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэсэн хувилбар ч бий. Их бурханыг бүтээхэд мянган үхэр тэрэг хөдөлгөж долоон жилийн турш барьсан гэдэг. Тухайн үедээ өрх бүрээс нэг үхэр, айл болгоноос таван лан мөнгө гаргасан гэсэн хууч яриа байдаг.
|
Мэнэнгийн тал
Дорнод Монголын өргөн уудам тал нутгийн дунд орших Мэнэнгийн тал нь манай орны хамгийн том тэгш тал юм.
Мэнэнгийн тал нь Буйр нуураас баруун тийш 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн далайн түвшнээс дээш 600 м өндөрт оршдог. Бэлчээрийн ургамал зээр, чоно болон ховор ан амьтад ихтэй, дэлхий дээрх байгалийн төрхөө хадгалан үлдсэн том тал билээ. Мэнэнгийн тал бол цагаан зээрийн гол бэлчээр нутгийн нэг бөгөөд энд жил бүр олон зуугаараа сүрэглэсэн цагаан зээр ирж өвөлждөг. Олон наст үржил шимт үетэн ургамлууд зонхилсон хялганат хээрийн өвсөн далай мэт үзэсгэлэнт байдлыг Мэнэнгийн талаас харах боломж бүрджээ. |