Буйр нуурын тухай
Буйр нуур нь Монгол улсын хамгийн зүүн хязгаарт оршдог бөгөөд тал газар төдийлөн тохиолддоггүй нуур учир нар жаргах нь маш үзэсгэлэнтэй мөн олон зүйлийн загас, жигүүртэн шувуудаар баялаг, усны арвин сан, чийглэг зөөлөн уур амьсгалтай.
Зэргэлдээ орших Хөлөн нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Нуурын талбай нь 615 хавтгай дөрвөлжин километр. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 километр, эргийн шугамын урт 113 километр. Ус хураах талбай 20200 хавтгай дөрвөлжин километр. Усны гүн нь дунджаар 6-10 метр боловч хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрнэ. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана. Маш дулаан нуур учир зуны аль ч цаг үед очсон нуурын усанд орж, эргийн элсэн дээр хэвтэж амрах боломжтой. |
Буйр нуурын тухай домог
Эрт урьд цагт саруул талын дэнжид сүргээ хариулан аж төрдөг нэгэн Монгол аймаг байж гэнэ. Энэ отог аймагт Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнгээрээ цэцэг ичээж, гоолиг нуруугаараа хус атаархуулмаар охин болон Буйр гэдэг уул шиг сүрлэг биетэй, арслан барын хүчтэй, агсам хүлгэн унаатай сайхан эр аж төрөн суудаг байжээ. Хөлөн, Буйр хоёр нутаг нугынхаа дунд таван хошуу малаа хариулж, тараг, айргаа бүлж, тавтай тухтай, эрх дураараа аж төрөн амьдарсаар иржээ. Гэвч гай газар дороос, гахай модон дотроос гэдэгчлэн үйлийн үр хэлэлгүй хийсээд ирэв. Нэгэн өдөр арван таван толгойтой атгаалжин хар мангас, сэр сэр салхи татуулан, бүр бүр хур оруулсаар, тэнгэрийн хаяанд улаан тоос татуулан тал нутагт нь иржээ. Хөлөн охиныг булаан авч, гол мөрнийг нь ширгэтэл соров гэнэ. Ийнхүү мангасын явсан газар бүхэнд нь өвс ногоо ургахаа больж, хүн малтайгаа эцэж хатаад үхэхийн ирмэгт тулж гэнэ.Буйр хүү үүнийг үзээд ажнай хурдан хүлгээ унаж, алд дэлэм илдээ агсаад, агаар огторгуйд дүүлэн дүүлсээр аюулт мангасыг дарж, ар нутгаа чөлөөлөн, хорт мангасыг дарж хонгор Хөлөнгөө аврахаар морджээ. Харвасан сум шиг, хальсан бүргэд шиг, наран ургахаас наран шингэтэл, хавраас намар, өвлөөс зун хүртэл давхиулсаар явжээ. Тэгээд нэг өдөр мориныхоо нурууг амраах гэж эмээлийг нь аваад хайртай хүлгийнхээ өвс зулгаах завсар дугхийж авав. Тэрхэн зуур түүний зүүдэнд хайртай охин Хөлөн нь үзэгджээ. Мангасын сүрээс үл сүрдэн, эсэргүүцсээр байсан тул уурлахын ихээр уурлаж, хилэгнэхийн ихээр хилэгнэсэн мангас түүнийг сараалан цэцэг болгон хувиргаад гал, наранд шарж үйлийг нь үзэж байна гэнэ. Буйр залуу энэ байдлыг хараад амь залгах гэж үлдээсэн ганц балга усаа цэцгэн дээр асгахад цэцэг тэр даруй Хөлөн охин болон хувилав гэнэ. Тэгж байтал мангас мэдээд Хөлөн охиныг дахиад булаан авав. Буйр арга ухаан сүвэгчилж, мангасын толгойд шигтгэсэн эрдэнийн сувдыг авч, амийг нь таслаад нутаг усаа аюулаас аварчээ. Гэтэл мангаст булаагдаад явсан Хөлөн охиныг хаанаас ч эрээд олсонгүй. Тэгээд мэлмэлзсэн тунгалаг нуурын хөвөөгөөр энэлэн шаналан явтал нь хүмүүс Хөлөн охин мангасын дарлалыг тэвчихэд бэрх болж, нуур болон хувирсан тухай хэлж гэнэ. Буйр үүнийг сонсоод хайртай хүнтэйгээ үүрд хамт байна хэмээн нуур руу үсрэн оржээ. Түүнээс хойш Хөлөн нуурын дэргэд бас нэг нуур бий болсон нь Буйр нуур хэмээн нэрлэгдэх болсон домогтой.